Илон Маск 50 мянган долларын үнэтэй түрээсийн байранд амьдарч байна

Илон Маск 50 мянган долларын үнэтэй түрээсийн байранд амьдарч байна


   Дэлхийн хамгийн баян хүн гэгдэх “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн амьдардаг байшин, гэрийн дотоод засал ил болж, хүмүүсийн гайхширлыг төрүүлж байна. Байшин нь ойролцоогоор 50 мянган долларын үнэтэй угсармал барилга бөгөөд дотоод засал чимэглэл нь тун энгийн аж. Тодруулбал, “Тесла”, “SpaceX”-тэй холбоотой мэдээг голлон нийтэлдэг, блог хөтлөгч Дима Зенук Техас мужид байдаг И.Маскийн гэрийн зургуудыг Х хуудсандаа нийтэлсэн бөгөөд уг байшинг "Онц гойд зүйл юу ч байхгүй, өдөр тутмын амьдралд шаардлагатай хямдхан хэдэн тавилгатай” гэж тодорхойлсон байна. Зургийг үзвэл хоолны шүүгээ, хөргөгч, хийн зуух зэрэг энгийн тавилгатай, ханан дээр элдэв зураг, чимэглэл байхгүй, харин зочны өрөөний голд байрлах модон ширээн дээр “SpaceX”-ийн пуужингийн жижиг загвар, хэдэн ном байв. Сонирхолтой нь уг нийтлэлд И.Маскийн ээж Мэй Маск сэтгэгдэл үлдээж, хүүгийнхээ гэрт зочилж байсан тухайгаа бичжээ. Тэрбээр "Хөргөгчинд идэх юм бараг байхгүй, угаалгын өрөөндөө ганц алчууртай. Би гарааш дотор унтсан. Бага насандаа Калахарийн цөлөөр аялж явахдаа усанд орж чадахгүй хэдэн долоо хоног болж байсан удаатай болохоор ийм орчин нэг их төвөгтэй санагдаагүй” хэмээн хошигносон байна. И.Маск үл хөдлөх хөрөнгийнхөө ихэнхийг зараад, "SpaceX"-ийн хөөргөх байгууламж байрладаг Техас мужийн Бока Чика хотын ойролцоо байшин түрээслэн амьдарч байгаа аж. Дээрх нийтлэлийг харсан цахим хэрэглэгчид "Минималист гэж ийм л хүнийг хэлнэ" хэмээн тодорхойлжээ. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр И.Маскийн нийт хөрөнгө 839 тэрбум доллар бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад хоёр жил дараалан нэгдүгээр байрт бичигдсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.