АНУ: Муур эзнийхээ амийг түймрээс аварчээ
АНУ-ын Орегон мужийн Тилламук хотын иргэн Дональд Ванвармер хэмээх эр гэртээ унтаж байхад түймэр гарчээ. Энэ үед Фред нэртэй тэжээвэр муур нь гал гарсныг мэдээд эзнийхээ нүүрийг самардаж, маажиж сэрээгээд гал түймрээс эзнийхээ амийг аварсан байна. Гэрийн эзэн "Унтаж байтал Фред миний нүүрийг маш хүчтэй маажсан. Сэрээд хартал гэрээр дүүрэн утаа, хиншүү болсон байв” гэжээ. Юу болж байгааг ойлгосон Д.Ванвармер даруй ухасхийн босож муураа тэврээд харанхуй утаан дундуур таамаглан хаалга зүглэн гүйтэл зочны өрөөнийх нь тааз нурж эхэлсэн байна. Тэрбээр эцсийн хүчээ шавхан мөлхсөөр хаалгаар гарч чадсан ажээ. Гадаа гарсан хойноо өвөртөө хийсэн муур нь алга байгааг олж мэдэв. Муураа аврахаар буцаж орох гэсэн ч гал сөнөөгчид түүнийг оруулаагүй байна. Галыг бүрэн унтраасны хойно муур нь байшин дотроо шатаж үхсэн байхыг олсон бөгөөд гэрийн эзэн ихэд гашуудаж “Фред намайг авраад амиа алдсан. Би хайртай муураа аварч чадсангүй. Маш харамсалтай байна” гэжээ. Азаар тухайн үед Д.Ванвармерийн эхнэр, охин хоёр нь гэртээ байгаагүй байна. Эцэст нь тэрбээр “Би байшингаа сэргээн засварлаж, тавилга эд зүйлсээ шинээр худалдан авч чадна. Харин амийг минь аварсан хайртай муураа дахин олохгүй гэж бодохоор маш хүнд байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







