Ираны ерөнхийлөгч хөрш орнуудаа довтолсондоо уучлал гуйжээ
Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян өнгөрөгч бямба гарагт үндэсний телевизээр үг хэлэх үеэрээ, хөрш орнуудаа довтолсон явдалдаа уучлал гуйсан байна. “Би-Би-Си” агентлагийн мэдээлснээр тэрбээр “Ираны дайралтад өртсөн хөрш орнуудаасаа миний бие уучлал гуйж байна” гэжээ. Мөн хөрш зэргэлдээ орнуудын газар нутгаас Иранд халдахгүй бол тэдгээр улсад цохилт өгөхгүй байхаар Ираны удирдлага шийдвэрлэсэн гэнэ. Гэхдээ Иран улс АНУ, Израилын эсрэг тэмцлээ зогсоохгүй бөгөөд “Дайснууд Ираны ард түмнийг буулгаж авах хүслээ авсандаа авч орвол таарна” хэмээн М.Пезешкян хэлсэн байна. “М.Пезешкяны мэдэгдэл эвлэрлийн дохио мэт харагдаж байж болох ч тэрбээр Ираны удирдлагыг яг төлөөлж чадах уу?” хэмээн “Би-Би-Си” бичжээ. М.Пезешкян нь Ираны хууль ёсны ерөнхийлөгч мөн боловч өнгөрсөн долоо хоногт амь үрэгдсэн дээд удирдагч аятолла Хаменеийн хүү Можтаб Хаменеи түүнээс эрх мэдлээр дээгүүр аж. Мөн Исламын хувьсгалыг хамгаалах корпусын одоо амьд буй удирдагчдын эрх мэдэл ч ерөнхийлөгчийнхөөс илүү хэмээн “Би-Би-Си”-гийн сурвалжлагч Жон Симпсон бичсэн байна. М.Пезешкян харьцангуй аядуу улс төрч учраас л 2024 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Ираны жинхэнэ засаглалын бүтцэд ордоггүй хэмээн тэрбээр дүгнэжээ. М.Пезешкяны мэдэгдлийг Ираны дотоодод тийм ч дуртай хүлээж аваагүйгээр барахгүй хатуу байр суурь баримтлагчид энэ мэдэгдлийн өнгө аясыг “сул дорой” хэмээн хүлээж авсан байна. Гэвч Ираны дээд удирдлагад байдаг эрс хатуу байр суурь баримтлагчдын ихэнх нь амь үрэгдсэн, арай доогуур албан тушаалтнууд нь сэтгэл зовнисон байдалтай байгааг харгалзан үзвэл дээрх мэдэгдэл улс төрийн шинэ цаг үе ирж буйн дохио байж ч болох юм хэмээн “Би-Би-Си”-гийн сурвалжлагч дүгнэжээ.
М.Пезешкяны мэдэгдэлтэй зэрэгцэн Катар улс Ираны пуужингийн довтолгоог няцааснаа мэдэгдсэн бөгөөд “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар Ираны довтолгоо үргэлжилсээр байна. Катараас гадна Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улсууд дроны довтолгоонд өртсөн талаар тус агентлаг мэдээлжээ. Дубайн нисэх онгоцны буудалд нисгэгчгүй онгоц халдсаныг хамгаалалтын систем няцаасан бөгөөд хохирол нь ноцтой биш, онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, нислэг хүлээн авч буйг албаны хүмүүс мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







