Өмнөд Солонгосын найруулагч Каннын наадмын ерөнхий шүүгчээр сонгогдов
2026 оны Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр Өмнөд Солонгосын кино найруулагч Пак Чан Үкийг томилжээ. “Oldboy”, “Joint Security Area”, “The Handmaiden” зэрэг олон алдартай киног найруулсан тэрбээр Каннын наадмын ерөнхий шүүгчээр ажилласан анхны солонгос хүн, гурав дахь ази хүн болж байна. Үүний өмнө 1962 онд Японы найруулагч Тэцүро Фүрүкаки, 2006 онд Хонконгийн Вон Кар Вай энэ наадмын ерөнхий шүүгч болж байв. Каннын наадмын ерөнхийлөгч Ирис Кноблох дээрх шийдвэрийг зарлахдаа “Пак Чан Үкийн онцгой уран чадвар орчин үеийн дэлхийн кинонд мартагдашгүй ховор агшнуудыг бэлэглэсэн. Түүний хосгүй авьяас билиг хийгээд Өмнөд Солонгосын киноны гарамгай амжилтыг ийнхүү онцгойлон үнэлэхдээ бид хязгааргүй баяртай байна” хэмээн хэлжээ. Пак Чан Үк Каннын наадмын үндсэн хөтөлбөрт дөрвөн кино дэвшүүлж байсан бөгөөд анхных нь “Oldboy” юм. Найруулагч 2003 онд энэ киногоороо “Гран При” шагнал хүртсэн бол 2009 онд “Thirst” киногоор Шүүгчдийн шагнал, 2022 онд “Decision to Leave” киногоор Шилдэг найруулагчийн шагнал, 2024 онд “Decision to Leave” киногоор мөн Шилдэг найруулагчийн шагнал авч байв. Ерөнхий шүүгчээр сонгогдсоныхоо дараа тэрбээр “Бие биеэ үзэхээ байж, хүн хүн рүүгээ хөмсөг зангидсан энэ цөвүүн цагт харанхуй танхимд суугаад нэг киног хамтдаа дахин дахин үзэж, нэг нэгнийхээ амьсгал, зүрхний цохилтыг ижил хэмнэлд оруулах нь эв нэгдлийн сэтгэл хөдлөм бөгөөд ер бусын илэрхийлэл мөн. Энэ агшныг би тэсэн ядан хүлээнэ” хэмээн хэлсэн байна.
2025 оны Каннын наадмын ерөнхий шүүгчээр Францын жүжигчин Жюльэт Бинош ажилласан бөгөөд "It Was Just an Accident” киногоороо оролцсон Ираны найруулагч Жафар Панахи наадмын тэргүүн шагнал "Алтан далдуу мод"-ыг хүртээсэн билээ. 79 дэх удаагийн Каннын кино наадам гуравдугаар сарын 12-23-нд болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







