Япон: Нобелийн шагналт зохиолчийн бүтээл 70 жилийн дараа гарч иржээ
Японы орчин үеийн утга зохиолын томоохон төлөөлөгч, Нобелийн шагналт Кензабүро Оэгийн (1935–2023) Токиогийн их сургуульд оюутан байхдаа бичсэн, урд өмнө хэвлэгдэж байгаагүй "Харанхуй өрөөгөөр аялсан нь", "Аялалд гарах оролдлого” нэртэй хоёр зохиолын гар бичмэл олдсон тухай “The Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. "Харанхуй өрөөгөөр аялсан нь" роман гурван бүлгээс бүрдэх бөгөөд гол дүр болох их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан археологийн профессороосоо урилга хүлээн авч байгаагаар эхэлнэ. Зохиолын төгсгөлд "1955 оны 5 дугаар сарын 19" гэсэн огноог япон хэлээр бичсэн байна. Тухайн үед К.Оэ 20 настай байжээ. Уг романыг зохиолын уралдаанд ирүүлсэн бүтээл гэх бөгөөд К.Оэгийн уншигчдад хүрэлгүй хамгийн удаан хадгалагдсан зохиол болохыг тус сонин дурджээ. "Аялалд гарах оролдлого" зохиолын гол дүрд хөгжлийн бэрхшээлтэй хүү гарах бөгөөд "1957 оны 5 дугаар сар" гэсэн огноогоор төгссөн байна. Зохиолч 1957 онд "Үхэгсдийн бардамнал” зохиолоо хэвлүүлж, дараа жил нь буюу 1958 онд "Ширюү" зохиолоороо Акутагавагийн шагнал хүртсэн юм. Тэрбээр оюутан байхдаа бичсэн бүх зохиолоо устгасан гэж байсан ч дээрх бүтээлүүдийг түүний амьдардаг байсан хөлсний байрны эзэн хадгалж байжээ. Токиогийн их сургуулийн профессор Абэ Кеничи "К.Оэгийн хуучин мөртлөө шинэ бүтээлийг уншина гэж бодож байсангүй. Уншигч, шүтэн бишрэгчдийн хувьд энэ бол баяртай сайхан явдал” гэжээ. Кензабүро Оэ нь Японы нийгмийн тогтворгүй байдал, улс төрийн бодлого, милитаризмыг шүүмжлэхийн зэрэгцээ энх тайван, амар амгалан амьдралын тухай, мөн оюуны бэрхшээлтэй том хүүтэйгээ хамт амьдарч байсан тухайгаа бичсэн олон бүтээл хэвлүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







