Хятад: Аав ээждээ гологдсон шоовдор охины алдартай бизнесмэн болсон түүх
Хүүхэд насандаа эцэг эхдээ гологдож хаягдсан хятад охин эдүгээ өөрийн гэсэн загварын ертөнцийг бий болгож, олон сая долларын борлуулалт хийдэг шилдэг бизнесмэн болжээ. Хонконгийн “South China Morning Post” сонин Хунань мужийн Бинжоу хотын иргэн, 44 настай Хуан Сюаннигийн тухай онцолсныг үзвэл, тэрбээр эцгийн эрхт ёс ноёлсон, хөвгүүдээ илүүд үздэг хуучинсаг үзэлтэй гэр бүлд долоон хүүхдийн зургаа дахь охин болж төрсөн бөгөөд бага насандаа эцэг эхдээ гадуурхагдаж, ганцаардаж өссөн байна. Хөвгүүдээ илүүтэй анхаардаг байсан аав, ээж хоёр нь заримдаа түүний нэрийг ч санадаггүй, гадуурхагдсан охин гэрийнхээ гадаа ганцаараа сууж хооллодог байжээ. Улмаар өвчин тусах үед эцэг эх нь түүнийг ууланд төөрүүлж орхисон бөгөөд танихгүй хүн аварч, гэрт нь хүргэж өгсөн байна. Бага насандаа авхуулсан гэр бүлийн гэрэл зураг дээр ах нар нь эмээ болон аав ээжийнхээ өвөр дээр, харин Хуан охин хамгийн захад нь ганцаараа сандал ирмэгдэн суусан дүр зураг үлджээ. Сургуульд орсны дараа ч охины зовлон бэрхшээл дундарсангүй. Сургуульдаа уулын бартаатай замаар гурван цаг орчим алхаж хүрдэг байсан бөгөөд түүнд өдрийн хоолны мөнгө гэж долоо хоногт ердөө нэг юань өгдөг, мөнгөө хулгайд алдах, дээрэмдүүлэх тохиолдол олон байсан гэнэ. Харин Хуан юунаас ч шантардаггүй, хатуу чанга охин байв. Хичээл номдоо шамдан суралцсаар дунд сургуулиа дүүргэж, Хунань мужийн Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн оржээ. Их сургуулиа төгсөөд үеийн залуутайгаа гэрлэж, Шэньжэнь хот рүү шилжин суурьшаад тээвэр логистикийн компанид ажилд орсон байна. Гэвч гэр бүлийн амьдрал нь бас амар байсангүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл гутралд орж, нөхрөөсөө салахад ганц охиныг нь нөхөр нь авч оджээ. Ингээд амьдралаа шинээр эхэлж, зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэхээр шийдсэн байна.
2015 онд Хуан ажлаасаа гарч, Хятадын хамгийн том онлайн худалдааны “Taobao” платформ дээр хувцасны онлайн дэлгүүр нээжээ. Хурааж хуримтлуулсан 50 мянган юаниараа найзынхаа хамт эмэгтэйчүүдийн хамгийн сүүлийн үеийн загварлаг хувцас авч онлайнаар худалдаж эхэлсэн байна. Найз нь модель болж, өөрөө гэрэл зураг авч бараа бүтээгдэхүүнээ сурталчилсаар эхний сардаа 100 мянган юанийн борлуулалт хийжээ. Гэвч бас л санаснаар болсонгүй, 2017 онд тэд 5 сая юанийн өрөнд орсон байна. Хуан огт шантарсангүй, брэндийн менежмент, бизнес, загварын дизайны талаарх ном уншиж, онлайн сургалтад хамрагдав. Ингээд 2020 онд өөрийн брэндийг бий болгож, зөвхөн жижиг биетэй, намхан нуруутай эмэгтэйчүүдэд зориулсан дэгжин загвар гаргажээ. Ингэхдээ уламжлалт торгон гар урлалыг орчин үеийн загвартай хослуулан нео-хятад маягийн даашинз урлан худалдаанд гаргав. Даашинз санаснаас илүү сайн борлогдож, хэрэглэгчдийн дунд алдаршиж эхэлжээ. 2023 оны 11 дүгээр сар гэхэд Хуан зөвхөн энэ даашинзаараа 8.7 сая юанийн борлуулалт хийж, бүх өрөө төлж дуусаад, мөнгө зээлж тусалж байсан хүмүүстэйгээ оройн зоог барьсан байна.
Дараа нь Хуан олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан үйлчлүүлэгчидтэй шууд холбогдож, өдөр тутмын амьдралаа хуваалцаж, нөхөрсөг зөвлөгөө өгч, түүгээр үл барам шинэ загварын захиалга авах болжээ. Удалгүй боловсролоо дээшлүүлэхээр Бээжингийн их сургуулийн Бизнесийн сургуульд суралцсан байна. 2025 он гэхэд Хуан 250 сая юанийн борлуулалт хийж, бизнесээ олон улсад гаргаж, цахим орчинд 2 сая орчим дагагчтай болжээ. Тэрбээр одоо цахим орчинд асар их алдарт хүрч, бизнес эрхлэх, идэвхтэй аялж зугаалах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар зөвлөгөө өгч, сургалт явуулж байна. Эцэст нь тэрбээр "Хүйтэн хөндий гэр бүл, хариуцлагагүй, хувиа хичээсэн эр нөхрийн хүлээсэнд хоригдсон охид бүсгүйчүүдэд хандаж "Хэзээ ч бүү бууж өг" гэж хэлье. Тэсвэр тэвчээр, шантаршгүй зориг бидний гол найдвар юм” гэжээ. Тэрбээр цаашид эд баялагт их анхаарах биш, ном бичиж, туршлагаасаа хуваалцаж, бүр кино хийх бодолтой байгаагаа хэлж, өөрийнх нь өнгөрсөн түүх эмэгтэйчүүдэд итгэл найдварын гэрэлт цамхаг болно гэдэгт найдаж буйгаа өгүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







