Ким Жон Ун: АНУ-тай учраа ололцож болно
Энэ сарын 19-25-нд Пёньянд болж өндөрлөсөн Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал дээр тус улсын удирдагч Ким Жон Ун АНУ-тай харилцаагаа сайжруулж болох талаар хэлжээ. “АНУ Үндсэн хуулиар баталгаажсан манай статусыг (цөмийн) хүндэтгэж... дайсагнасан бодлогоосоо ухарвал... учраа ололцохоос татгалзах шалтгаан бидэнд алга” хэмээн түүний хэлснийг төрийн мэдлийн KCNA агентлаг дамжуулсан байна. Харин тэрбээр Өмнөд Солонгосыг "эвлэршгүй дайсан этгээд" хэмээн тодорхойлоод, тус улсыг "нэг үндэстэн, элэг нэгтэн" гэж үзэхээс бүрмөсөн татгалзаж байгаагаа зарлажээ. Пёньяны аюулгүй байдалд заналхийлвэл Өмнөд Солонгосыг "бүрмөсөн устгахад" бэлэн байгаагаа тэрбээр мэдэгдээд "Өмнөд Солонгос бидэнтэй хөрш зэргэлдээ орших геополитикийн нөхцөл байдлаас зайлсхийх боломжгүй тул тэдний аюулгүй амьдрах цорын ганц зам бол манайтай холбоотой бүх зүйлээс татгалзаж, биднээр оролдохгүй байх явдал юм" хэмээн Ким Жон Уны хэлснийг KCNA агентлаг мөн уламжилжээ. Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны сүүлээр Хятадад хийх айлчлалынхаа үеэр Ким Жон Унтай дахин уулзаж магадгүй байгаа аж.
Намын их хурлын төгсгөлд Пёньян хотноо томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулсан бөгөөд Ким Жон Ун охин Ким Жу Э-гийн хамтаар уг ёслолыг үзэж сонирхжээ. Энэ үеэр тэрбээр зэвсэгт хүчнээ шинэчлэх, тэр дундаа усан дороос харвах тив алгасах баллистик пуужин, Өмнөд Солонгосыг чиглэсэн тактикийн цөмийн зэвсгийн тоо, нэр төрлийг өргөжүүлэхийг үүрэг болгосон байна.
Сүүлийн үед Хойд Солонгосын гадаад бодлогод ОХУ тэргүүлэх байр суурь эзлэх болсон. Пёньян Украины дайныг дэмжих зорилгоор ОХУ-д мянга мянган цэрэг, байлдааны техник илгээж байгаа бөгөөд үүний хариуд Москвагаас цэргийн технологийн тусламж авч байгаа байж болзошгүй юм. Гэсэн хэдий ч Украины дайн намжвал Хойд Солонгост Москвагийн үзүүлэх дэмжлэг буурах магадлалтай хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







