Төвийг сахисан Ирланд улс НАТО-гийн гишүүн орнуудтай хамтарна
Төвийг сахисан Ирланд улс далайн аюул заналхийллээс сэргийлэхийн тулд НАТО-гийн гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байна. Ирланд бол Европын Холбооны гишүүн боловч НАТО-гийн гишүүн биш юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Ирландын Засгийн газар НАТО-той хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ мэдэгдэж, далайн аюулгүй байдлын анхны стратегиа зарласан байна. Энэхүү стратеги нь Атлантын далайн ёроолын дэд бүтцэд учирч буй аюул заналхийлэл, Оросын хяналтын хөлөг онгоцны үйл ажиллагаа нэмэгдэх зэрэг хурцадмал байдал бий болсонтой холбоотой юм. Тус улс эдийн засгийн хэмжээтэй нь харьцуулбал батлан хамгаалахын хамгийн бага зардалтай орнуудын нэг бөгөөд энэ нь төвийг сахих үүрэгтэй нь холбоотой ажээ. 2023 онд Ирланд улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.2 хувийг батлан хамгаалахад зарцуулсан нь Европын Холбооны гишүүн орнуудаас хамгийн бага үзүүлэлт юм. Тус улсын аюулгүй байдлын стратегид Их Британийн удирдсан Хамтарсан хүчний экспедицийн (JEF) оролцогч орнуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөө багтсан байна. JEF нь НАТО-гоос тусдаа байгуулагдсан шуурхай хариу арга хэмжээний аюулгүй байдлын зөвлөлдөх байгууллага бөгөөд Их Британи, Дани, Эстони, Финланд, Исланд, Латви, Литва, Нидерланд, Норвеги, Швед гэсэн арван улсыг багтаасан байдаг. Ирланд улс тус байгууллагад албан ёсоор нэгдэхээс өмнө "JEF+" хэмээх уян хатан түншлэлийн хүрээнд сургалт, далайн эрсдэлийг тодорхойлох, удирдах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Канад улс өмнө нь JEF-ийн үйл ажиллагаанд ийм байдлаар оролцож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







