Японд робот лам бүтээжээ
Японы Киотогийн их сургууль Буддын шашны сургаалуудыг суулгасан хиймэл оюун ухаан бүхий робот ламыг танилцууллаа. Уг роботыг шашны зарим зан үйл, ёслол, бусад үйл ажиллагааны үеэр лам нарт туслах, эсвэл тэднийг орлох боломжтой хэмээн бүтээгчид нь үзэж байна. "Buddharoid" хэмээн нэрлэсэн уг роботыг Киото мужийн Шёрэн-ин сүмд сэтгүүлчдэд үзүүлэх үеэр робот Буддын шашны сэдвээрх асуултад хариулж, алгаа хавсран залбирч байжээ. Судалгааны багийн гишүүн, профессор Сэижи Күмагаи хүмүүстэй харилцах харилцааны талаар зөвлөгөө хүсэхэд робот "Бусадтай яагаад ойр дотно байгаа вэ гэдгээ сайтар эргэцүүлж, дотоод тэнцвэрээ хадгалж чадвал харилцаа тань сайжрах болно" хэмээн хариулсан байна. "Buddharoid" нь OpenAI компанийн ChatGPT технологиос салбарлан гарсан "BuddhaBot-Plus" хэмээх хиймэл оюун ухааны чатботоор тоноглогджээ. Энэхүү систем нь хувийн амьдралаас эхлээд нийгмийн асуудал хүртэлх өргөн хүрээний асуултад Буддын шашны судар номыг ашиглан хариулдаг байна. Роботын алхаа гишгээ, мөргөх болон залбирах зэрэг хөдөлгөөнийг Хятадын компанийн үйлдвэрлэсэн робот дээр суурилан хөгжүүлжээ. Профессор С.Күмагаи сэтгүүлчдэд хэлэхдээ “Японд сүм хийдийн тоо цөөрч буй энэ үед уг технологи лам нарт цоо шинэ түвшний туслагч болж чадна” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







