Энэтхэг: Хулгайн хэргийг 45 жилийн дараа илрүүлэв
Энэтхэгийн цагдаагийн алба шийдэгдээгүй хэргүүдийг хянан үзэж эцэслэх кампанит ажил орон даяр өрнүүлэх үед 45 жилийн өмнө улаан буудай хулгайлсан этгээдийг олж тогтоон баривчилсан тухай “Times of India” сонин мэдээлэв. Тодруулбал Мадхья Прадеш мужийн Каргоне дүүргийн оршин суугч, эдүгээ 65 настай Салим Шейхийг хулгайн хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Тэрбээр 1980 онд 20 настайдаа зургаан найзынхаа хамт тариан талбайгаас 100 рупигийн үнэ бүхий улаан буудай хулгайлсан бөгөөд тухайн үед 100 кг улаан буудай 100-115 рупи (ойролцоогоор 1.5 доллар)-гийн үнэтэй байжээ. М.Шейх үүнийхээ дараахан гэр бүл зохиож, хүү төрүүлэн, бас хүнсний дэлгүүр ажиллуулж эгэл жирийн амьдарч ирсэн байна. Баривчлагдсан хойноо тэрбээр “Олон жил өнгөрсөн болохоор энэ явдал бараг мартагдаж, хуулийн дагуу хариуцлага хүлээх эрсдэлгүй болсон гэж боддог байсан” гэжээ. Цагдаагийн албан тушаалтан "Кампанит ажлын үеэр түүний эртний хамсаатнуудын нэг нь хэрэгт холбогдон мөрдөгдөж байсан бөгөөд М.Шейхийн үйлдсэн хэргийн талаар мэдээлэл өгсөн” гэсэн байна. Шүүх түүний батлан даалтад гаргах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих шийдвэр гарган бусад хамсаатнуудыг нь эрэн сурвалжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







