ОХУ: Кремлийн танхимд “Чингис хааны удмынхан” үзэсгэлэн гарна
Москвагийн Кремлийн үзэсгэлэнгийн танхимд “Чингис хааны удмынхан. Эртний Орос ба дэлхий ертөнц” үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 20-нд нээгдэхээр болсон талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ. Уг үзэсгэлэн Чингисийн удмынхны түүх болоод XV-XVII зуунд Оросын эрх баригчидтай тэдний хэрхэн харилцаж байсан, хоёр өөр соёл иргэншлийн хоорондын уялдаа ямар байсныг түүхэн ховор баримтуудаар нээн харуулна хэмээн хэвлэлүүд бичжээ. Кремлийн музейн албаны хүний мэдээлснээр, үзэсгэлэнд Оросын төрд үйлчилж байсан Чингис хааны удмынхантай шууд холбоотой бараг бүх дурсгалыг дэлгэх бөгөөд Эрмитаж, Улсын түүхийн музей, Оросын музей болон томоохон номын сангууд, хувийн цуглуулгуудад байдаг 150 гаруй эд өлгийн зүйлийг үзүүлэх гэнэ. Алтан ордны улсаас тасран үүссэн Касимын улсын хан Ураз-Мухаммедын хэрэглэж байсан Коран судрын шогол, мөн улсын хан Сеид-Бурханаас Оросын хаан Алексей Михайловичид барьсан дашмаг, Чингис хааны удам болох Сибирийн хан Кучумын агсаж байсан дуулга үүнд багтана. Мөн Алтан ордны улсын язгууртны хэрэглэж байсан 70 ширхэг алтан чимэг, Санкт-Петербургийн улсын их сургуулийн номын санд хадгалагдаж буй “Судрын чуулган”-ы ховор эхийг үзүүлэх ажээ. Үзэсгэлэн долоодугаар сарын 19 хүртэл гарна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







