“Монгол аман зохиолын дурсгалууд” ном Оросын шилдгээр шалгарав
Москва хотод болсон "ОХУ-ын хэлний бодлого" форумын үеэр, хэлний олон янз байдлыг хадгалах Бүх Оросын 9 дэх удаагийн "Түлхүүр үг" (Ключевое слово) шагналыг "Монгол аман зохиолын дурсгалууд" 10 боть бүтээл хүртлээ. Оросын ард түмнүүдийн эх хэлийг хадгалах, хөгжүүлэх санаачилгыг дэмжих зорилгоор анх 2017 онд бий болгосон уг шагналд энэ удаа тус улсын 55 бүс нутгаас 250 бүтээл нэр дэвшсэн байна. Шагналыг нийт найман номинацид олгосноос "Монгол аман зохиолын дурсгалууд" бүтээл “Хэвлэн нийтлэлийн шилдэг төсөл” төрөлд шалгарчээ. Буриад, халимаг зэрэг ОХУ дахь монгол үндэстний аман зохиолын эх бичвэрүүдийг судалгааны өгүүллүүдийн хамт эмхэтгэсэн уг бүтээлийг “Ерөөл”, “Үлгэр”, “Зүйр цэцэн үг”, “Ардын дуу”, “Оньсого” гэхчлэн ангилсны зэрэгцээ “Гэсэр”, “Жангар” туулийг тусад нь боть болгосон байна. Уг бүтээлийг Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрдэмтэд ОХУ-ын ШУА-ийн Дэлхийн утга зохиолын хүрээлэн, Халимагийн Улсын их сургуультай хамтран эмхэтгэж Москва хотноо 2023 онд хэвлүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







