2025 оны "Болор цом” наадамд эхний гурван байр эзэлсэн шүлгүүд
Гэрэл зураг © МОНЦАМЭ агентлаг

2025 оны "Болор цом” наадамд эхний гурван байр эзэлсэн шүлгүүд


   Өчигдөр болж энэ оны тэргүүн шүлгийг тодруулсан “Болор цом” яруу найргийн наадамд эхний гурван байр эзэлсэн найрагчдын бүтээлийг толилуулж байна. 43 дэх удаагийн энэ наадамд хот, хөдөөгөөс шалгарсан 28 яруу найрагч өрсөлдсөн юм.  

Нэгдүгээр байр. Н.Минжинсайхан

“Үг”
Хамаг хайрыг би үгнээс авч

Хамаг хайраа би үгэнд юүлсэн

Үг миний үндэс хөрс

Үг миний өвөг дээдэс

 

Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй

Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй

Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй

Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй

 

Үг миний мөргөлийн сүм

Үг миний өргөлийн сум

Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр

Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр

 

Дардам мөртөө замаа олоогүй үгэнд

Зам болж

Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд

Тэнгэр болж явдаг би

 

Үгэн дотор далавч байдгийг харж

Үг шувуу шиг нисэж дүүлдэгийг ч үзэв би

Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж

Үг үгийнхээ салхинд гандаж хагдардагийг ч танив би

 

Үг миний энхрий үрс

Үг миний эх нутаг

Үг миний эх орон

Үг миний эх дэлхий билээ.

 

Чулуу шиг үгэнд ус хадгалж

Нэлийсэн их далайг хурааж үзсэн би

Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж

Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би

 

Уул шиг үгэнд тал сөхөрдөгийг харж

Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би

Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж

Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би

 

Үг миний өдөр хоног

Үг миний чөдөр аргамж

Үг миний мөр зам

Үг миний мөрөөдөл хүсэл

 

Үг төрж, үг өсдөг хорвоод

Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд

Үг уйлж, үг дуулдагийг таньснаас

Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!

 

Үг миний туургат - гэр орон

Үг миний тусгаар тогтнол - эрх чөлөө!

 

Хоёрдугаар байр. Л.Торой

“Явуугийн нүднээс гэрэл цацарна”

Явуугийн нүднээс – тэнгэрийн өехийг уулсын оргил өргөн алсалж

Янгирын сүрэг хавцлын хяраар цувран давах харагдаад

Хагших бүргэдийн сүрлэг далавч хацрыг минь шүргэж

Хаваржааны айлуудын утаа хачин гоёор угалзран гогцоорох үзэгдэнэ

 

Явуугийн нүднээс – эртний харгуйн улбаа холхи одож

Янагийн болзоонд давхисан морьтны бараа тодроод

Тоононы дунгалд буусан сарны гэрэл дотор

Тохиол учралын шарангуй туульс уянгална

 

Явуугийн нүднээс – цөөрмийн ус руу шөнийн одод харван шумбаад

Яруу сайхнаар хангинах бугын дуу уулс өртөөлж

Анчны отогт түүдгийн гал улалзан бадарч

Аргамаг хүлэг уяан дээр алсыг анирдан үүрсэнэ

 

Явуугийн нүднээс – утгын болор мөрөн гилтэлзэн урсч

Ятгын эгшиг бөмбөрч эргийн бургас найгаад

Эрт ирсэн хоёр ангир энхрий дуугаар ганганаад

Эвийн долгис эцэсгүй холд мяралзан одмуу

 

Явуугийн нүднээс – адбиш шидийн гэрэл цацарч

Ягуухнаар тэлэн түгж тэнгэрийн мандал дүүрээд

Хөх дэлхий минь, дэлхий минь гэж, хүү рүүгээ харах эх шиг

Хөлгөн их хайраар хайрлан ширтээд

Явуугийн нүднээс гэрэл цацарна

 

Гуравдугаар байр. Д.Болдхуяг

“Монгол бичиг”

Судсаар нь хааны цус гүйсэн

Суут монгол бичиг мину

Мөрөөр нь үнэний нар гийсэн

Мөнх тэнгэрийн таалал мину

 

Есүнгэ мэргэний цэцийг гэрэлт хөшөөнд мөнхөлж

Есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шастирыг цэцэлсэн

Ертөнцийн хаад хас эрдэнийн тамгаа сийлүүлж

Есүхэйн хүү Тэмүгэ Нууц товчооноо сийрүүлсэн

 

Гэрэлт нарны дор аугаа хүчин нэмэгдэхэд

Гэрэгэ өвөрлөсөн элчтэй холхи замыг эвхсэн

Шихихутаг заргач их цаазаа дэвтэрлэж

Сэцэн Хубилай Цагаан түүхээ тэрлэсэн

 

Эзэн хааны зарлиг шиг эгц шулуун нуруутай

Эрхэс тэнгэрийн сувд Цолмон од шиг дусалтай

Эхнэр хүний намба шингэсэн анхил хар гэзэгтэй

Энхрий хүүхдийн согсоо шиг уян зөөлөн эвэртэй

 

Баян чинсан хөхөлбөр уулсыг илдээрээ хага зурж

Бандид Чойжи-Одсэр Зүрхэн тольтоо зүлгэсэн

Гоо Филипп, Ромын папад Ил хаад зарлигаа хүргүүлж

Гунгаа-Одсэр тэргүүтэн хөлгөн Ганжуурыг хөрвүүлсэн

 

Цармын хярд зогссон тэхийн эвэр шиг титэмтэй

Цавчим өндөр хясааны ташсан сүүдэр шиг шилбэтэй

Цааны тасмаар гөрсөн чөдрийн алга шиг нумтай

Цаст уулын савдаг цагаан барсын соёотой

 

Алтан товчоо Лувсанданзан нойр хугаслан шигтгэж

Алтан ордын үйсэн дээр эхийн сэтгэлээр шимширсэн

Жанжаа хутагт Мэргэд гарахын орондоо заларч

Жамбадорж бичээч Болор толио цайрдсан

 

Хиад боржигины шүтээн цагаан шонхрын хумстай

Хаад дээдсийн сүлд онгин тамга шиг зартигтай

Халиун бугын эврээр матсан нум шиг орхицтой

Хангай говийн эзэн гэндүү ирвэсийн сүүлтэй

 

Саган сэцэн хунтайж Эрдэнийн товчоо барлаж

Шамба эрх дайчин Асрагч нэртээ баринтагласан

Түмэдийн Алтан хааны цадиг туужийг дурайлгаж

Түмэнхэн цогт хунтайж Дуутын хадыг дуурсгасан

 

Аадрын үүлнээс нүргэлсэн аянгын гялбаа шиг ацагтай

Ам цагаан хул морины алтан зуузай шиг гэдэстэй

Ашид өөдөө дүрэлзэх галын сор шиг завжтай

Алив эрдмийг дэлгэрүүлж нүд нээх увдистай

 

Илэрхий зөөлөн авирт Ногоон дара эхийг дуртгаж

Эрдэнэ мэргэн бандид Эсэруагийн охинд дурласан

Тэнгэрлэг Гулиранс гурван ямхын хулсандаа шингэж

Дандар лхаарамба Хэлний чимгээ сайтар номлосон

 

Монгол дархны гагнасан цоожны өргөс шиг ацтай

Морины ташаанд дарсан дэгэрээ тамга шиг ангархайтай

Мөнх бусыг огооруулсан үүрийн туяа шиг цацлагатай

Мөрөн голын урсгал шиг тохойрч сүлжсэн зурлагатай

 

Цагаан толгой нүдэлмэгц Оюунтүлхүүрээр нээж ордог

Жангар, Гэсэр, Хан харангуйн домог туулийн ертөнц

Номч мэргэн Инжиннаши Хөх судараа үзэглэж

Ноён хутагт Равжаа Цаасан шувуугаа өдлүүлсэн

 

Аугаа их үндэстний аль ч ястан торолгүй уншдаг

Аялгуу бүхэнд зохирсон гайхамшигт өв соёл мину

Цагийн будан, мянган оны бартаа бүхнийг туучин

Цадиг түүх, өвгөдийн ухааныг тээж ирсэн хөсөг мину

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.