Монгол улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо
Парис хотод болсон Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр түүхэндээ анх удаа сонгогдлоо. Нээлттэй суудлын төлөөх энэхүү санал хураалтаар Монгол улс нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарчээ. Дэлхийн өвийн хорооны гишүүнд 12 улс нэр дэвшсэн бөгөөд Армени улс хамгийн их буюу 105 санал авсан бол Монгол улсын авсан санал түүний удаад буюу 97 болсон байна. Улмаар авсан саналын тоогоор Бангладеш (84), Чех (81), Польш (77), Словени (63) Ирак (56) гэхчлэн удаалжээ. “Энэ нь манай улсын олон улсын нэр хүнд, нэгдсэн зохион байгуулалттай хийгдсэн нөлөөллийн ажил, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн болсон түүхэн амжилт юм” хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Фэйсбүүк хуудсандаа өнөөдөр бичсэн байна.
Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чухал үүргийг хэрэгжүүлдэг, 21 гишүүн улсаас бүрдсэн олон улсын нэр хүндтэй бүтэц юм. Манай улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна манай улсад хамааралтай асуудлуудад байр сууриа бүрэн эрхтэйгээр илэрхийлэх, зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна. Түүнчлэн соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү өндөр хариуцлагатай хороонд сонгогдсон нь Монгол улсын олон улсын тавцан дахь байр суурийг шинэ түвшинд ахиулж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад манай улс идэвхтэй, жинтэй хувь нэмэр оруулж буйг бататгасан чухал үйл явдал боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







