236 сая долларын үнэ хүрч түүхэн амжилт тогтоосон нэгэн зургийн түүх
Гэрэл зураг © "Sotheby's"

236 сая долларын үнэ хүрч түүхэн амжилт тогтоосон нэгэн зургийн түүх


   Австрийн алдарт символист зураач Гюстав Климтийн (1862-1918) бүтээл өнгөрсөн мягмар гарагийн орой Нью-Йоркийн “Sotheby's” дуудлага худалдаагаар 236 сая доллараар зарагдсан нь урлагийн ертөнцөд ихээхэн шуугиан дэгдээлээ. Учир нь энэ нь Н.Климтийн бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн төдийгүй “Sotheby's”-ийн зарсан хамгийн өндөр үнэтэй бүтээл, мөн дуудлага худалдаагаар зарагдсан орчин үеийн урлагийн хамгийн үнэтэй бүтээл болж байна. “Элизабэт Лэдерерийн хөрөг” (1914) нэртэй энэ зураг урлагийн бүтээлийн алдартай цуглуулагч Леонард Лаудерт Г.Климтийн бусад хэд хэдэн зургийн хамт байв. 200 суудал бүхий танхимд болсон дуудлага худалдааны үнэ 130 сая доллароос эхэлсэн бөгөөд 2-5 сая доллароор нэмэгдсээр 20 минутын дотор дээд үнэ буюу 236.4 сая долларт хүрчээ. Зургийг худалдаж авсан хүний нэрийг “Sotheby's” нийтэд зарлаагүй байна.  Хэвлэлүүдийн мэдээлснээр,  Г.Климтээс гадна Анри Матиссын нийт 20 гаруй бүтээлээс бүрдсэн Л.Лаудерийн цуглуулгыг “Sotheby's” энэ орой бүхэлд нь 400 шахам сая доллароор борлуулжээ.   

   “Элизабет Лэдерерийн хөрөг” нь 1938 онд Австрийг эзлэхдээ нацистуудын дээрэмдэн авсан олон мянган зургийн нэг юм. Азаар бүрэн бүтэн үлдэж, эздэдээ эргэн очсон энэ зургийг Л.Лаудер Нью-Йоркийн Серж Сабарскийн галерейгаас 1985 онд худалдаж авсан бөгөөд яг хэдээр авсан нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. Хөрөгт зураачийн хамгийн чухал ивээн тэтгэгчид болох Серена, Аугуст Ледерер нарын охиныг дүрсэлжээ. Г.Климт Ледерерийн эмэгтэйчүүдийн гурван үеийн тус бүр нэг хөргийг зурсан бөгөөд Серена Ледерерийн хөрөг (1899) нь "Мetropolitan" урлагийн музейд байдаг. Түүнээс 15 жилийн дараа бүтээсэн энэ хөрөг илүү зөөлөн өнгө аястай, илүү нууцлаг бөгөөд ард нь Хятадын эзэнт гүрний дүрслэл байдаг нь сонирхолтой юм.

   Үүний өмнө Г.Климтийн бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь Оросын олигарх Дмитрий Рыболовлевын 2012 онд 187 сая доллараар худалдаж авсан “Усны могой II” хэмээх зураг байв. Мөн түүний “Адэлийн хөрөг” 2016 онд 150 сая, “Сэнстэй хатагтай” 2023 онд 108.8 сая долларын үнэ хүрч байжээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.