И.Маск Эртний Ромын археологийн дурсгалуудыг хамгаалахад нэг тэрбум доллар хандивлав
Гэрэл зураг © Leon Neal/ AP

И.Маск Эртний Ромын археологийн дурсгалуудыг хамгаалахад нэг тэрбум доллар хандивлав


   Тэрбумтан Илон Маск Эртний Ромын археологийн дурсгалуудыг хамгаалах төслүүдэд нэг тэрбум доллар ханидивласнаа Грекийн Кампидольо хотод болсон Грек-Ромын соёлын өвийг хамгаалж сурталчлах инновацийн төслүүдийг танилцуулах арга хэмжээнд цахимаар оролцохдоо мэдэгдлээ. “Барууны соёл иргэншлийн томоохон хэсэг болсон Ромын соёл иргэншлийн түүх, түүний мандал, мөхөл аль аль нь надад туйлын сонирхолтой байдаг. Археологийн олдворыг инновацийн аргаар судалж шинжлээд түүхийн сурах бичгийг шинээр бүтээх хэрэгтэй” хэмээн тэрбээр энэ үеэр хэлсэн байна. Америкийн Ромын соёлын хүрээлэн хэмээх байгууллагын хэрэгжүүлж буй санаачилгын хүрээнд археологийн олдворыг тоон хэлбэрт шилжүүлэн хадгалах төслийг долоон орны 11 дурсгал дээр хэрэгжүүлсэн бөгөөд үүний тав нь Италид байгаа ажээ. Тэдгээрийн нэг болох Ромын төв талбайд байх Марк Аврелийн баганыг 3D-гээр уншуулах ажлыг И.Маскийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Нийтийн тооллын II зуунд цагаан гантиг, хүрлээр бүтээсэн 30 метр өндөр уг багананд Ромын эзэн хаан Марк Аврелийн хийсэн аян дайн, тулалдаануудыг дүрсэлсэн бөгөөд төслийн үр дүнд уг байгууламжийн нийтдээ 330 кв/м талбай бүхий гадаргууг тоон технологиор бүхэлд нь бүртгэх юм. Ийн бүртгэснээр уг дурсгалд өчүүхэн төдий боловч ан цав үүсэхэд тухай бүрд нь илрүүлэх бөгөөд баганыг найдвартай хамгаалж, элэгдэж нурахаас нь бүрэн сэргийлж чадах ажээ.

   И.Маскийн санхүүжүүлсэн бусад төсөлд Помпэй хотын балгасан дахь өнгөний шинжилгээ, Неаполийн булан дахь живсэн зогсоолын усан доорх судалгаа, Ромын “Аквинум” театрын усан хангамжийн судалгаа, мөн Ромын эзэнт гүрний нэхмэлийн технологийн судалгаа багтсан байна. Харин төсөл хэрэгжүүлэх бусад улс нь Ромын соёлын өв ихээр хадгалагдан үлдсэн Албани, Ливи, Македони, Марокко, Тунис, Иордан улсууд ажээ.

Марк Аврелийн багана. Нийтийн тооллын 180-193 онд бүтээсэн. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.