Япон эрдэмтэнд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээжээ
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 119 жилийн ойг тохиолдуулан МУИС “Д.Нацагдорж судлалын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулжээ. Хурлын үеэр Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор, Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн ерөнхийлөгч Казүюки Окадаг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагналаа. Токиогийн их сургуулийг Дорно дахины түүхийн мэргэжлээр төгссөн К.Окада Монгол, Япон хоёр орон дипломат харилцаа тогтоосны үр дүнд 1975 онд Япон улсаас Монголд илгээн суралцуулсан анхны цөөхөн оюутны нэг юм. Тэрбээр Улаанбаатарт суралцаж байхдаа Д.Нацагдоржийн бүтээлийг уншин сонирхож улмаар Монголын утга зохиолыг дагнан судлах болсон бөгөөд энэ сэдвээр олон арван жинтэй бүтээл туурвижээ. Хамгийн сүүлд тэрбээр 2023 оны наймдугаар сард болсон Олон улсын монголч эрдэмтний XII их хуралд "Зохиолч Д.Цэдэвийн "Зун цагийн дурсамж" өгүүллэгийн түүх, утга санаа, уран сайхны онцлог" сэдвээр илтгэл тавьсан юм. Д.Нацагдоржийн шагналыг тэрбээр “Алтан хараацай: Монголын орчин үеийн уран зохиол судлалын чуулган” бүтээлээрээ авч байгаа нь энэ бөгөөд уг номд түүний бичсэн эрдэм шинжилгээний 17 өгүүлэл, 2 номын шүүмж, 8 ярилцлага, 22 түүхэн гэрэл зураг багтжээ.
Энэ жилийн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг мөн яруу найрагч Д.Ган-Очир “Оддын ай”, хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө” номоороо хүртсэн байна. Монгол улсын Засгийн газраас жил бүр гурав хүртэлх хүнд олгодог энэ шагналыг Д.Нацагдоржийн дүр бүхий тэмдэг, гэрчилгээ, гурван сая төгрөг дагалддаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







