Өмнөд Солонгосын “Yuhan” корпорац Монголд мод тарина

Өмнөд Солонгосын “Yuhan” корпорац Монголд мод тарина


   Өмнөд Солонгосын “Yuhan” корпорац Монгол улсад цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төсөл эхлүүллээ. Тус компани аравдугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл хийхдээ өнгөрсөн сарын 30-нд Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр сумд байх МУИС-ийн сургалтын ой аж ахуйн газрын байранд “Ой хээрийн түймэрт өртсөн бүс нутагт нөхөн сэргээлт хийх, ойжуулах төсөл"-ийн нээлтийн ёслолоо хийсэн талаар мэдээллээ. Энэ арга хэмжээ нь өнгөрсөн сард Сөүл хотноо болсон Монгол улсын Засгийн газар, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO), “Тэрбум мод” төрийн бус байгууллагатай хамтран байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжжээ. Нээлтийн ёслолоос өмнө “Yuhan” корпорацын төлөөлөл манай улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатартай уулзаж, ойг нөхөн сэргээх болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна. Тус компани цаашид дээрх сумдад хэрэгжих ойн төслүүдэд идэвхтэй оролцож, МУИС-тай хамтран ой хээрийн түймэрт өртсөн бүс нутгийн экосистемийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ. Төслөөр мод тарихаас гадна шинжлэх ухааны судалгаа хийж, орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой ойн менежментийн систем байгуулахыг зорьж байна. Төслийн тухай "Yuhan" корпорацын захирал Чо Мин-Чөл хэлэхдээ “Монгол улсад хэрэгжиж буй ойн төсөл нь хил дамнасан уур амьсгалын хямралтай тэмцэх практик хамтын ажиллагааны загвар юм” гэжээ. Улмаар “Манай корпорацын 100 жилийн ой дөхөж буй энэ үед нийгмийн хариуцлагаа биелүүлж, Монгол улсын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран тогтвортой ирээдүйг бүтээхийн төлөө бүхнээ зориулна” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.