“Physical: Asia” нэвтрүүлгийн продюсер Жан Хо Ги: Бүх оролцогчийн хамгийн ихээр эмээж байсан баг Монголынх байлаа

“Physical: Asia” нэвтрүүлгийн продюсер Жан Хо Ги: Бүх оролцогчийн хамгийн ихээр эмээж байсан баг Монголынх байлаа


   “Netflix” компанийн “Physical: Asia” нэвтрүүлэгт энэ жил Монгол, Австрали, Индонези, Филиппин, Турк, Тайланд, Өмнөд Солонгос, Япон гэсэн Азийн найман орны 48 төлөөлөгч оролцож байгаа билээ. Ийнхүү тус цуврал нэвтрүүлгийг анх удаа улс орноор нь өрсөлдүүлэн зохион байгуулсан бөгөөд энэ сарын 28-нд эхний дугаараа цацахаар төлөвлөж байна. Нэвтрүүлгийн талаар продюсер Жан Хо Ги “Энэ бол Ази тивийн хэмжээний нэвтрүүлэг учраас бид тивийн онцлог шинж чанарууд болон бүс нутаг, улс бүрийн өвөрмөц онцлогуудыг аль болох олон талаар харуулахыг зорьсон. Тиймээс бид ижил төстэй чанар багатай улс орнуудыг сонгосон” гэжээ. Мөн “Бид спортыг их сонирхдог, уламжлалт спорт нь сайн хөгжсөн, нэр хүндтэй, мөн улс орноо төлөөлөх домогт тамирчидтай улсуудыг судалсны үндсэн дээр найман улсыг эцсийн байдлаар сонгосон” гэв. Тиймээс нэвтрүүлгийн багийнхан дээрх найман улсыг төлөөлөх төрөл бүрийн биеийн хүчний спортын тамирчдыг, ялангуяа уламжлалт спортынхныг оролцуулжээ. Тухайлбал, манай улсаас улсын арслан Б.Орхонбаяр, Өмнөд Солонгосоос ширым бөхийн тамирчин Ким Мин Жэ оролцож байгаа билээ. Жан Хо Ги продюсер “Энэ цуврал нэвтрүүлгээр оролцогчдын бие бялдрын олон талын чадварыг шалгадаг тул улс бүрд өөр өөр төрлийн биеийн онцлог, чадвартай тамирчдыг тэнцвэртэйгээр хуваарилах нь чухал гэж үзсэн. Аль нэг улсыг хэт хүчтэй, эсвэл сул харагдуулахгүй байлгах үүднээс бид тэнцвэрийг нягтлан, нарийн тохируулсан” хэмээн онцлов. Тэрбээр улс орон бүрийн тамирчдын онцлог, нэвтрүүлэгт оролцсон байдлыг ярихдаа “Бүх багийн хамгийн ихээр эмээж байсан баг Монголынх байлаа. Тэд яг л ганхашгүй аваргууд шиг байсан бөгөөд та бүхэн монгол дайчдын аймшигт хүч чадлыг нэвтрүүлгээс нүдээр үзэх болно” гэжээ. Мөн монголчууд дэвжээнд анх гарч ирэхээсээ л бүгдийг нь дарамтанд оруулж, үнэхээр сүрдэм байсныг ярьсан байна. Тэрбээр улс орон бүрийг онцлохдоо Тайландыг мутай боксоор, Японыг тулааны урлагаар нь танилцуулсан бол Монголыг тал нутгийн аваргууд гэсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.