Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөхчүүд Лондонд барилдана

Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөхчүүд Лондонд барилдана


   Японы Сүмогийн холбоо өмнөхөөсөө 34 жилийн дараа буюу энэ сарын 15-19-ний өдрүүдэд Их Британийн Лондон хотноо дээд цолтой сүмочдын дунд тэмцээн зохион байгуулах гэж байна. Лондон хотын алдарт "Royal Albert Hall" танхимд таван өдрийн турш үргэлжлэх энэ тэмцээнд дээд зиндааны буюу макүүчигийн бөхчүүд хүч үзэх бөгөөд ёкозүна Ооносато, Хоошёорюү нар дохёд гарах ёслол үзүүлэх ажээ. Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрөгч сард энэ талаар ярихдаа “Лондонгийн тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна. Бид сүмогийн гайхамшгийг дэлхийд хүргэж чадвал үнэхээр сайхан” гэсэн юм. Харин Японы сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү буюу 1991 онд Лондонд болсон сүүлийн тэмцээний аварга, ёкозүна Хокүтоүми “Энэ тэмцээн бол Японы уламжлалт соёлыг Их Британийн үзэгчдэд ойроос мэдрүүлэх сайхан боломж” гэсэн юм. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй тус холбоо гадаад дахь анхны тэмцээнээ 1965 онд ЗХУ-д хоёр удаа зохион байгуулснаас хойш нийт 13 удаа өөр улсад зохиожээ. Тодруулбал, Хятад (1973), Мексик (1981), АНУ (1985), Францад (1986) хийсэн бол 1990 оноос хойш гадаадад найман удаа зохион байгуулсны эхнийх нь Бразилын Сан-Пауло хотод болсон юм. Өнгөрөгч есдүгээр сарын башёгийн төгсгөлд баруун өвдгөө гэмтээсэн, оозэки цолтой ганц бөх Котозакүра Лондонгийн барилдаанд оролцохгүй. Сонирхуулахад, Сүмогийн холбоо ирэх зун буюу 2026 оны зургаадугаар сард дээд зиндааны бөхчүүдээ Парис хотод хоёр өдөр барилдуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь Францын нийслэлд хийх гурав дахь тэмцээн бөгөөд өмнөх нь 1986, 1995 онд болсон юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.