Ираны Элчин сайд ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Иран улсаас Монгол улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулреза Рахмани Фазли өнгөрөгч бямба гарагт ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тэд уулзахдаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохиох гэж буйг дурдаж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой талаар ярилцсан байна. Мөн ойг тохиолдуулан соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, музей хооронд хамтын ажиллагаа тогтоох, хамтарсан үзэсгэлэн гаргах зэрэгт Элчин сайдыг хүч чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа ерөнхийлөгч илэрхийлжээ. А.Фазли нь өнгөрөгч тавдугаар сард Хятадад суух Элчин сайдаар томилогдсон бөгөөд Ираны консерватив үзэлт улс төрч юм. Тэрбээр Ираны Дотоод хэргийн сайд, Аудитын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







