Өмнөд Солонгост эрийн гурван наадам болно
Монгол, Өмнөд Солонгос улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, “Migrants’ Arirang Multicultural Festival” 20 дахь удаагийн наадам ирэх сард болох гэж байна. Аравдугаар сарын 24-26-нд Өмнөд Кёнсан аймгийн Чангвон хотын Юунжи цэцэрлэгт хүрээлэнд болох тус олон улсын наадмын гол нэрийн орноор Монгол улс сонгогджээ. Иймд Элчин сайд С.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ Пусан хотод суугаа манай Консулын газар эрийн гурван наадам зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Ингэхдээ улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан, шагайн харваа, сур харваа, хүүхдийн уралдаан хийхээр төлөвлөжээ. Мөн наадамд Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгынхан болон бөхчүүд, уран дархчуул болон бусад салбарын төлөөлөл оролцоно. Урилгаар наадамд оролцох аймгууд түүх, соёлын онцлогоо сурталчлахын зэрэгцээ олон улсын иргэдэд Монголын аялал жуулчлалыг сурталчлах үүрэг хүлээжээ. Жил бүр болдог энэ наадам Өмнөд Солонгосын иргэд болон цагаачдын соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой тул дэлхийн 20 гаруй орон оролцож үндэсний соёл, уламжлал, зан заншил, үйлдвэрлэл зэрэг бүхий л онцлог, давуу талаа танилцуулдаг бол 300 мянга гаруй хүн үзэж сонирхдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







