Хятадын Валентины баяр болов

Хятадын Валентины баяр болов


   Цагаан сараас хойш буюу хуучин билгийн тооллоор оны эхний долоон сарын долоо дахь өдөр Хятадын Валентины баяр тохиодог ажээ. Долоогийн тоо хоёр давхацсан энэ өдөр хятадууд Чиши хэмээх баярыг тэмдэглэх бөгөөд өөрөөр Хятадын Валентины баяр гэж нэрлэдэг. Уг баяр энэ жил наймдугаар сарын 29-нд тохиож байгаа бол өнгөрсөн жил наймдугаар сарын 10-нд таарчээ. Харин дараа жил наймдугаар сарын 19-нд болно. Чиши фестиваль нь Григорийн тооллын долоодугаар сарын 7-ноос 21-51 хоногийн дараа тохиодог аж. Энэ баярыг Хан гүрний үеэс тэмдэглэсэн буюу 2000 гаруй жилийн түүхтэй юм. Уг гарвал нь тэнгэрийн бурхад хэмээх Альтаир болон Вега одны домгоос үүдэлтэй ажээ. Альтаир од тэнгэрээс газарт илгээгдэн үхэрчин хүү болсон бөгөөд Вега од буюу нэхмэлчин охинтой хайр дурлалын холбоотой болжээ. Үүнийг мэдсэн Вегагийн ээж тэднийг Сүүн замаар тусгаарлажээ. Тусгаарлагдсан хоёр бурхан жилдээ нэг удаа уулзах боломж тохиодог тэр өдрийг билгийн тооллын долоодугаар сарын 7 гэж үздэг байна.

   Чиши фестиваль нь Хятадын үндэсний соёлын биет бус өвийн жагсаалтад 2006 онд орсон байна. Гэхдээ Хятадын газар бүрд ондоо уламжлал байдаг аж. Тухайлбал, Ганьсу мужийн иргэд энэ баярыг тэмдэглэн долоон өдөр, найман шөнийн турш дуулдаг. Харин өмнөд нутагт залуу бүсгүйчүүд цэцгийн шүүсээр хумсаа буддаг гэнэ. Мөн охид сайхан хийцтэй үндэсний хувцсаа өмсөх, жимсийг төрөл бүрийн хэлбэрт оруулж, эсвэл жимстэй нарийн боов хийж идэх зэрэг уламжлал бий. Харин орчин үед олон мянган хос Чиши фестивалийг тохиолдуулан хуримаа хийдэг нь манайхаар бол намрын дунд сарын 17-той адил юм. Мөн бэлэг солилцох, болзох, домогт гардаг одыг шөнөөр ажиглах зэргээр тэмдэглэх болжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.