Осакагийн үзэсгэлэн яармагт "Монголын үндэсний өдөрлөг"-ийг зохион байгууллаа

Осакагийн үзэсгэлэн яармагт "Монголын үндэсний өдөрлөг"-ийг зохион байгууллаа


   Японы Осака хотноо “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриатай болж буй “Осака-Кансай 2025” дэлхийн үзэсгэлэн яармагт Монгол улс оролцож байна. Ингэхдээ “Монголын амар амгалан — Pax Mongolica” сэдвээр Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах үнэт үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, боломжууд болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод танилцуулж байгаа юм. Одоогийн байдлаар манай улсын павильонд 2.2 сая хүн зочлоод байна. Түүнчлэн үзэсгэлэнд оролцогч улс орнууд ээлжлэн зохион байгуулдаг “Үндэсний өдөрлөг”-ийг манай улс энэ сарын 27-нд тэмдэглэж, Шадар сайд Т.Доржханд хүндэт зочноор оролцов. "Үндэсний өдөрлөг"-ийн хүндэтгэлийн тоглолтод Соёлын элч Б.Болд-Эрдэнэ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Хүн” театрын уран бүтээлчид оролцож, уртын дуу, хөөмий, морин хуур, ятга, биелгээ зэрэг монгол уламжлалт урлагийн үзүүлбэрийг хүргэлээ. Мөн үзэсгэлэнгийн “Их цагариг”-т “Дээлтэй Монгол” баярын жагсаалыг зохион байгуулж, Кансай бүсийн монгол, япон иргэд хамтран монгол бүжиг бүжиглэн алхаж, үндэсний хувцсаа танилцуулав. Мөн өдөр МҮХАҮТ-аас Монгол-Японы бизнес уулзалт зохион байгуулж, Осака хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан юм.

   Ийнхүү дэлхийн улс үндэстнүүдэд ёс заншил, онцлог, ололт амжилтаа танилцуулах боломж олгодог Осакагийн үзэсгэлэн яармаг ирэх 10 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд дэлхийн 158 улс, долоон олон улсын байгууллага оролцож байна. Одоогийн байдлаар үзэсгэлэнг 28 сая гаруй хүн үзсэн гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд өдөрт дунджаар 180 мянга орчим хүн зочилж байгаа аж. Зөвхөн энэ долоодугаар сард 13,6 сая хүн үзэсгэлэнг үзжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.