images

Израиль, Ираны удирдагчдын онцолсон үгс ямар утгатай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-20


   Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнгөрсөн 17-ны өдөр ярилцлага өгөхдөө, "Кирус еврейчүүдийг чөлөөлсөнтэй нэгэн адил өнөөгийн еврейчүүд персүүдийг (иранчуудыг) чөлөөлнө" гэжээ. Дараа өдөр нь Ираны дээд удирдагч Али Хаменеи гартаа сэлэм барьж, шатаж буй цайз руу орж буй хүний ​​зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж, "Али жанжин Хайбар цайзад эргэн ирлээ" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Кирус, Али, Хайбар гэж юу вэ?

   Кирус гэдэг нь II Кир хааныг хэлж буй юм. Тэрбээр МЭӨ 6 дугаар зуунд Медиа, Лидия, Нео-Вавилоныг нэгтгэн өнөөгийн Ираны нутаг дэвсгэрт Персийн эзэнт гүрнийг байгуулсан их хаан юм. Түүнийг Иранд үндэстний эцэг хэмээн хүндэтгэдэг. Хуучин гэрээнд түүнийг Бурханы зарлигаар иудейчүүдийг чөлөөлсөн харийн хаан гэж дүрсэлсэн байдаг. Дээр дурдсан Б.Нетаньяхугийн үг бол өөрөө Бурханы зарлиг ёсоор Ираны дэглэмийг өөрчлөх алхам хийнэ гэсэн санаа гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Харин Ираны дээд удирдагчийн байршуулсан зураг нь Исламын шийтийн шашны анхны удирдагч Али ибн Аби Талиб 628 онд еврейчүүдийн Хайбар цайзыг эзлэн авч буйг харуулсан зураг юм. Хайбар нь одоо Саудын Арабын баруун хэсэгт, Мекка, Медина зэрэг исламын ариун газруудын ойролцоо байрладаг. Исламыг үндэслэгч Мухаммед хүчээ тэлж Хайбарын еврейчүүдтэй мөргөлдөхөд Али нь еврей жанжин Мархабыг хороожээ. Тэр цагаас хойш Хайбар цайз нь иудаизмын эсрэг шашны дайнд Исламын ялалтын бэлгэдэл болсоор ирсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.