Прагийн амьтны хүрээлэнгийн тахийн дөрвөн унаганд монгол нэр хайрлалаа
Чихэнд чимэгтэй
2025-06-20
Чехийн нийслэл Прага хотын амьтны хүрээлэнгийн харьяа Дивчи Храды хэмээх газарт төрсөн тахийн дөрвөн унаганд өгсөн монгол нэрийг өчигдөр албан ёсоор танилцуулжээ. Тухайлбал, нэг охин унаганд өргөн уудам, элбэг, олон унаганы эх болохыг бэлгэдэж Дэлгэрмаа, эр унагануудад халдашгүй утгыг бэлгэдэж Дархан, ариун утгыг бэлгэдэж Дагшин, хамаг, даяар утгыг бэлгэдэж Даян нэрийг тус тус өгчээ. Эдгээр унагыг нас бие гүйцэхэд Монгол руу онгоцоор тээвэрлэн Дорнод Монголын талд нутагшуулах учир монголчуудаас нэр өгөхийг хүсэж, энэ сарын 10-ныг хүртэл цахим шуудангаар нэрийн санал хүлээн авчээ. Улмаар шалгаруулсан нэрийг санаачилсан иргэдэд Прага хотын Амьтны хүрээлэнгээс гарын бэлэг гардуулахаар болсон байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад хийсэн төрийн айчлалынхаа үеэр Прага хотын Амьтны хүрээлэнд төрсөн тахийн унаганд нэр өгсөн билээ. Үүний дараа амьтны хүрээлэнд уг дөрвөн унага төрсөн юм. Сүүлийн арав гаруй жил тахийг Чехээс онгоцоор Монгол орны баруун хэсэг рүү хэд хэдэн удаа тээвэрлэсэн бөгөөд саяхнаас Дорнод Монголын Сүмийн хоолой нэртэй газарт тахийг эргэн нутагшуулах төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжүүлэхээр болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.