Төрөлт огцом буурч байгаа Вьетнам улс хоёр хүүхдийн бодлогоо цуцлав
Анд нөхдийн мэдээ
2025-06-05
Дэлхий даяар төрөлт буурч байгаа энэ цаг үед Вьетнамын Засгийн газар 37 жилийн турш хэрэгжиж ирсэн хоёроос илүүгүй хүүхэдтэй байх бодлогоо цуцалжээ. “Bloomberg News” агентлагийн мэдээлснээр, тус улсын парламент шинэчилсэн хуулийн төслийг баталж, нэг гэр бүл хэдэн хүүхэдтэй болох, хэдэн удаа төрөхөө шийдэх эрхийг баталгаажуулсан байна. 1988 онд батлагдсан хуулиар онцгой тохиолдлоос бусад үед нэг гэр бүлд нэгээс хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөг байв. Энэ хуулийг зөрчсөн Коммунист намын гишүүдэд сануулах, урамшуулал бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг шийтгэл ногдуулдаг, харин нам бус энгийн иргэдэд сануулах зэрэг арга хэмжээ авдаг байсан талаар тус агентлаг мэдээлжээ. Харин өнөөдрийн байдлаар тус улсад төрөлтийн түвшин 1.91 промил байгаа нь түүхэнд байгаагүй хамгийн доод үзүүлэлт ажээ. Ялангуяа Вьетнамын хамгийн том бүсүүд, Хо Ши Мин зэрэг хотод төрөлтийн түвшин 1.48-1.62 болж буурчээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ байдал үргэлжилвэл төрөлтийн түвшин тогтмол буурсаар байвал 2039 он гэхэд хүн амын өсөлт зогсох хандлагатай байна. Энэ байдалд дүгнэлт хийн Эрүүл мэндийн яамны санаачилгаар дээрх хуулийг шинэчлэн баталсан байна. Мөн түүнээс гадна томоохон хотуудад хоёр хүүхэдтэй эмэгтэйчүүдийг давуу эрхээр улсын орон сууцанд оруулах асуудал яригдаж байна. Түүнчлэн жирэмсэн эхчүүдийг байнгын үзлэгт хамруулж, төрөлхийн удамшлын өвчин, эмгэг согогоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих замаар хүн амын чанарыг төрсөн цагаас нь эхлэн сайжруулахад анхаарч ажиллахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.