“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шагнал гардуулах ёслол болов
Чихэнд чимэгтэй
2025-06-04
Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “С.Дашдооров судлал” судлал, шинжлэлийн улсын II уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болов. Ёслолд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо, ССАЖЗЯамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Ардын уран зохиолч Т.Галсан, МУСГЗ зохиолч Д.Цэнджав, МУИС-ийн багш доктор, профессор Г.Галбаяр зэрэг хүмүүс оролцлоо. Уралдааны нэгдүгээр байрыг “Сормууниршийн Дашдооров ба монгол менталитет” өгүүллээр МУБИС-ийн багш, доктор Г.Батсуурь, хоёрдугаар байрыг “С.Дашдооровын яруу найргийг дахин мэдрэхүй” өгүүллээр МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн багш Д.Өрнөхдэлгэр, гуравдугаар байрыг “С.Дашдооровын хүүрнэл зохиол дахь монгол үндэстний менталитет сэтгэлгээг шишнжихүй” өгүүллээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач Б.Мөнх-Эрдэнэ эзэлсэн байна. Ёслолын үеэр эхний гурван байр эзэлсэн судлаачид илтгэл тавьсан бөгөөд Ховд их сургуулийн багш Д.Өрнөхдэлгэр зайнаас оролцож илтгэл хэлэлцүүлэв. Энэ удаагийн уралдааныг “С.Дашдооров судлал” төв, Үндэсний номын сан, ССАЖЗЯам, Боловсролын яам хамтран зохион байгуулсан байна. Мөн ёслолын үеэр нэрт зохиолчийн ном бүтээл, гар бичмэл, хувийн эд зүйлсийн үзэсгэлэн гарсан бөгөөд зохиолчийн нялх цагийн баривч, багш байх үеийнх нь гараар бичсэн сурагчдын журнал, Хэл зохиолын хүрээлэнгээс 1996 онд “Өндөр ээж” туужийг Нобелийн шагналд тодорхойлж байсан тодорхойлолт, нэрийг нь сийлбэрлэж үйлдвэрлэсэн бичгийн машин зэрэг ховор сонин зүйлсийг дэлгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.