images

Саудын Араб хиймэл оюуны дэлхийн төв болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-13


   Саудын Арабын олон нийтийн баялгийн сангийн (PIF) харьяанд хиймэл оюун ухаан (AI) технологийн хөгжилд шууд хөрөнгө оруулалт хийх Humain нэртэй компани байгуулсан тухай тус улсын төрийн мэдээллийн SPA агентлаг мэдээлэв. Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы тэргүүлэх тус компани нь шинэ үеийн дата төв, хиймэл оюун ухааны дэд бүтэц, хиймэл оюун ухааны дэвшилтэт загвар, шийдэл зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх ажээ. PIF болон түүний харьяа компаниуд Ази, Африк, Европ гурван тивийн дунд орших стратегийн байршлаа ашиглан хиймэл оюуны экосистемийг бий болгох, олон улсын түншлэлийг хөгжүүлэхэд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байгааг тус агентлаг онцолсон байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга (FII) арга хэмжээний үеэр тус улс хиймэл оюуны технологийн хөгжлийг дэлхийд манлайлах зорилготой байгаагаа зарлаж "Саудын Араб нь хиймэл оюун ухааны бүс нутгийн төдий биш, дэлхийн төв болж чадна" хэмээн мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Улаан тэнгисийн эрэгт баригдаж буй ирээдүйн шинэ хот Неомын өндөр технологийн аж үйлдвэрийн "Оксагон" цогцолборт 1.5 ГВт-ын хүчин чадалтай хиймэл оюуны дата төвийг байгуулахаа зарласан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.