Хянганы нуруунд ургадаг монгол царсанд хятад виски исгэж байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-12
Хятадын дотоодын вискиний 80 хувийг дангаараа үйлдвэрлэдэг Сычуань мужийн “Laizhou” үйлдвэрийн вискиний торхыг монгол царс модоор хийдэг байна. Тус үйлдвэр бүрэн автомат биш бөгөөд гар аргаар виски исгэж, гар урчуудын хийсэн торхонд дардгаараа онцлог гэнэ. Ингэхдээ Өвөр Монголын Их, Бага Хянганы уулсаар ургадаг Quercus mongolica буюу монгол царс модоор хийсэн торхонд вискигээ дарж наад зах нь гурван жил исгэдэг ажээ. Энэ талаар тус үйлдвэрийн захирал Шэн овогт "Монгол царс модоор хийсэн торх Европын вискиний стандартад нийцдэг" хэмээжээ. Монгол царс Хятадын зүүн хойд нутаг, Өвөр Монгол, Солонгосын хойг, ОХУ-ын Хабаровск, Амур, Приморье муж, Японд ургадаг. Бат бөх чанараараа тавилгын болон бусад үйлдвэрлэлийн үнэт түүхий эд болдог тул хулгайгаар огтлох, хууль бусаар хил давуулан худалдах явдал ОХУ, Хятадын хил орчмоор түгээмэл гардаг байна. Японы Ойн аж ахуй, судалгааны хүрээлэн монгол царс модноос сакэ архи гаргаж авах технологи боловсруулж байгаагаа 2023 онд зарлаж байсан билээ.
“Laizhou” үйлдвэрийн виски нь 2025 онд “Icons of Whisky China Awards”, жуулчдыг үйлдвэртэйгээ танилцуулж "Visitor Attraction of the Year" шагнал хүртжээ. Хятадад XIX зуунд виски анх нэвтэрсэн бөгөөд 2013-2023 онд зах зээл нь дөрөв дахин өссөн байна. Улмаар зөвхөн 2023 онд борлуулалт нь 756 сая доллар болж өмнөх жилийнхээсээ 10 хувиар өсчээ. Тус улсад виски үйлдвэрлэгч 100 орчим компани байгаа бөгөөд 2023 онд 50 сая литр виски үйлдвэрлэсэн байна.
Эх сурвалж: "Жэнминь Жибао" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.