Энэтхэг: Пакистанд бүтээсэн контент нийтлэхийг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2025-05-09
Пакистантай зэвсэгт мөргөлдөөн хийж буй Энэтхэг улс “Netflix" зэрэг онлайн видео үйлчилгээ үзүүлэгчдээс Пакистанд бүтээсэн контентыг дамжуулахаа зогсоохыг хүсчээ. “Hindustan Times” сонины мэдээлснээр, Энэтхэгийн Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн яам энэ асуудлаар мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд "Үндэсний аюулгүй байдлын үүднээс Энэтхэгт үйл ажиллагаа явуулж буй бүх онлайн видео үйлчилгээ, медиа стриминг платформ болон зуучлагчид Пакистанд үйлдвэрлэсэн жүжиг, кино, дуу, подкаст зэрэг мэдээллийн контентыг үзүүлэхээ нэн даруй зогсоохыг зөвлөж байна" гэжээ. Үүнд зөвхөн “Netflix”, “Disney”, “Spotify”, “Apple Music” зэрэг төлбөртэй захиалгат платформаас гадна үнэ төлбөргүй платформууд багтах ажээ. Пакистанд бүтээсэн контентийн агуулга нь Энэтхэгийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цаашлаад аюулгүй байдалд заналхийлж байгааг тус яам онцолсон бөгөөд энэхүү зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол Мэдээллийн технологийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээж болзошгүйг анхааруулсан байна. Өнгөрсөн сарын 22-ны өдөр Кашмирт зэвсэгт халдлага гарснаас хойш Пакистантай хурцадмал байдалд ороод буй тус улс Пакистаны захиргаанд байдаг Кашмир, Пенжаб мужийн есөн байрлалд пуужин харвасан юм. Пакистан мөн хариу арга хэмжээ авсан нь хоёр улсын хооронд сунжирсан дайн дэгдэх эрсдэл бий болоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.