images

Б.Мөнгөнтуул "TheMongolZ" багт нэгдсэнээс хойших хоёр дахь олон улсын тэмцээндээ явлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-06


   Шатрын их мастер Б.Мөнгөнтуул "The MongolZ" багийн шинэхэн тамирчин болсноос хойших хоёр дахь олон улсын тэмцээндээ мордлоо. Тэрбээр өнгөрсөн сард Энэтхэгт болсон “Fide Women's Grand Prix-2025” ​​тэмцээнд 10 дугаар байр эзэлж, 4000 еврогоор шагнуулсан билээ. Тэгвэл их мастер Б.Мөнгөнтуул энэ удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө Арабын Нэгдсэн Эмират улсыг зорьж байна. 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр тус улсын Аль-Айн хотод эхэлж, 34 орны 262 тамирчин энэ сарын 16-ныг дуустал өрсөлдөх юм. Энэ тэмцээнд манай улсын Үндэсний шигшээ багаас их мастер Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул, ОУМ С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, ФИДЕ мастер Н.Содбилэгт нар оролцох юм. Харин шигшээ багийн бус тамирчдаас гэвэл, их мастер Д.Номин-Эрдэнэ, ФИДЕ мастер Э.Энхрий, ФИДЕ дэд мастер Э.Эмүжин, Б.Буянхишиг, Ч.Нандинжигүүр, Х.Баясгалан, залуу тамирчин З.Нарансолонго, З.Наранзаяа,  ФИДЕ мастер С.Чингүүн, Г.Мөнхбаяр нар өрсөлдөнө. Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд Энэтхэг, БНХАУ, ОХУ-ын шатарчдаас гадна их мастер 53, эмэгтэй их мастер 19, олон улсын цолтой 228 шатарчин бүртгүүлжээ. Монголын шатарчид тус тэмцээнээс нийт хоёр хүрэл медальтай бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар медалийн тавцанд гарч байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.