АНУ: Дэлхийн хамгийн алдартай шоронг дахин нээнэ
Анд нөхдийн мэдээ
2025-05-05
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн алдартай шоронгуудын нэг, өнгөрсөн зууны хамгийн харгис хэрцгий гэмт хэрэгтнүүдийг хорьдог байсан Калифорниа дахь Алькатрас шоронг 60 жилийн дараа дахин нээхээ мэдэгдэв. Тэрбээр энэ талаар тайлбар хийхдээ "Америк орон өнгөрсөн хугацаанд харгис хэрцгий хүчирхийлэгч, давтан гэмт хэрэгтнүүд, зовлон зүдгүүрээс өөр нийгэмд юу ч нэмэрлэдэггүй хог шааруудыг өөгшүүлсээр ирсэн” гээд "Хамгийн зөв алхам бол аюултай гэмт хэрэгтнүүдийг эргэлзэлгүйгээр шоронд хийж, нийгмээс хол байлгах явдал юм" гэсэн байна. Энэ хүрээнд Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдлын яам, Холбооны мөрдөх товчоонд үүрэг өгч тус шоронд томоохон өргөтгөл хийж, сэргээн босгохыг даалгасан гэдгээ мэдэгджээ. Алькатрас шорон бол Сан Франциско хотоос 2.4 км зайд далайн дунд орших хад чулуурхаг арал бөгөөд Холбооны засгийн газар 1934-1963 онд 29 жил ажиллуулаад хаасан байна. Мафийн толгойлогч Аль Капоне, Хуурай хуулийн үеийн алдартай гэмт хэрэгтэн Жорж Кэлли, Ирландын мафийн толгойлогч Уайти Булгер зэрэг алдартай гэмт хэрэгтнүүдийг энд хорьж байжээ. Энэ шоронгийн тухай өгүүлсэн Шон Коннери, Николас Кэйж нарын тоглосон “The Rock” нэртэй кино байдаг. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр 29 жилийн түүхэнд 36 хүн эндээс 14 удаа оргохоор оролдсон ч бүгд бүтэлгүйтсэн байна. 1960-аад оноос хүний эрхийг байгууллагуудын эсэргүүцэл нэмэгдсэн, мөн байгууламжийн ашиглалтын зардал хэтэрхий их гарах болсон зэрэг шалтгаанаар уг шоронг хаажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.