images

Австралийн мэргэжилтэн "Улаанбаатар биенналь"-д ерөнхий куратороор ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-02


    Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран ирэх сарын 6-20-ны хооронд “Улаанбаатар биенналь” арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ өдрүүдэд болох хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэргийн ерөнхий куратороор Австралийн уран бүтээлч Тиан Жаныг урьж ажиллуулахаар болжээ. Тэрбээр Монголын соёл уламжлал, ахуй амьдралыг шингээсэн медиа, дүрслэх урлагийн бүтээлүүдийг “Сарны дор", "Тэнгэрийн хаяанд” зэрэг сэдвээр дэглэн толилуулна. Улаанбаатар хот 2023 онд дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй хотуудыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдэж орсон билээ. Энэ улсууд гар урлал, дизайн, кино, хоол, уран зохиол, медиа, хөгжим зэрэг долоон чиглэлээр янз бүрийн үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээдэг. Тэгвэл Улаанбаатар хот эдгээр долоон төрлийн нэг болох медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар биенналь”-ийг санаачилсан байна. Энэ арга хэмжээгээр хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьжээ. Куратор Тиан нь уран бүтээлдээ хамтын ажиллагаа, нийгмийн оролцоог түлхүү тусгадаг бөгөөд дуу зохиогч, нийтлэлч, "Урлагт хэрхэн хандах тухай тунхаг бичиг" номын зохиогч юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.