Холливүүдийн жүжигчин Жорж Клуни болон түүний эхнэрийг АНУ-д нэвтрэхийг хориглож магадгүй
Анд нөхдийн мэдээ
2025-05-02
Холливүүдийн нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр, хүний эрхийн хуульч Амаль Клуниг АНУ-д нэвтрэхийг хориглож магадгүй байна. А.Клуни нь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д хандан Израилийн ерөнхий сайд Бэньямин Нэтаньяху болон бусад нэр бүхий улс төрчдийг баривчлах зөвшөөрөл хүссэн шинжээчдийн багийн гишүүнээр ажилласан юм. Өнгөрсөн онд Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл хүссэн шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд оролцсон хүний эрхийн хуульч, Их Британийн Хөдөлмөрийн намын сенатор Сэр Хелена Кеннеди, шүүгч Адриан Фулфорд нарыг АНУ-д нэвтрэхийг хориглох тухай асуудлыг ярьж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч, олон улсын хүний эрхийн хуульч А.Клуни нь өнгөрсөн жил ОУЭШ-ийн шинжээчдийн багт нэгдэн, Израиль болон Хамас бүлэглэлийн удирдагчдын эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргүүдийн талаар нотлох баримтуудыг хянаж, хууль зүйн зөвлөгөө өгсөн юм. Б.Нетаньяху болон тухайн үеийн Батлан хамгаалахын сайд И.Галланд нарыг Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах зөвшөөрөл хүссэн бөгөөд ОУЭШ хүсэлтийг хүлээн авч тушаал гаргасан юм. ОУЭШ-ийн шийдвэрийн хариуд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Их Британийн ерөнхий прокурор К.Хан болон түүний гэр бүлийнхнийг АНУ-д нэвтрэхийг хориглож, АНУ дахь хөрөнгийг нь хураах тушаал гаргасан. Жүжигчин Ж.Клуни бол Ардчилсан намын тууштай дэмжигч бөгөөд өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд маш идэвхтэй оролцож, голлох гол үүрэг гүйцэтгэсэн хүн билээ. Мөн тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “60 минут” нэвтрүүлэгт оролцохдоо ерөнхийлөгч Д.Трампыг хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байна хэмээн шүүмжилсний хариуд Д.Трамп ихэд уурсаж, Ж.Клуниг "Хоёрдугаар зэрэглэлийн жүжигчин", "Бүтэлгүй улстөрч" хэмээн илтэд тохуурхсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.