Дэлхийн шилдэг сургуулиас урилга авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд буцалтгүй тусламж шууд олгоно
Чихэнд чимэгтэй
2025-04-30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар их, дээд сургуулийн оюутнуудад олгох зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн журмыг шинэчилж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган, зарцуулалтад хяналт тавьж ажиллах үүргийг Боловсролын сайд П.Наранбаярт өглөө. Шинэ журамд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (16.5 дугаар зүйл), Малчны тухай хууль (4.2.5)-д заасан зохицуулалтыг тус тус тусгажээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд буцалтгүй тусламж олгоход тавьдаг шаардлага, хяналтад тоо тогтоож байсныг болиулж, дэлхийн шилдэг их сургуулиас урилга авч чадсан л бол буцалтгүй тусламж олгохоор болов. Дотоодын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 436 хүн суралцаж байгаа юм. Харин 10-аас доошгүй жил тасралтгүй мал малласан хүний нэг хүүхдийг төрийн өмчийн их сургуульд суралцуулах тэтгэлгийг энэ оноос олгож эхлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Боловсролын сангаас дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудад олгодог байсан зээлийг ирэх оноос 2+2 хөтөлбөрийн суралцагчдад олгох, шинээр магистр, докторын түвшинд суралцагчдад зээл олгох зохицуулалтыг нэмжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.